Дулаан түгээх
Дулаанаар зохицуулалттай хангах

16 дугаар зүйл. Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл

  • 16.1.Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд тухайн тодорхой нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан түгээх үйл ажиллагаа явуулах эрх олгоно.
  • 16.2.Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн бүх хэрэглэгчийг түгээх сүлжээнд холбох үүрэгтэй.
  • 16.3.Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэгтэй:
  • 16.3.1.тухайн нутаг дэвсгэрт энэ хуульд заасан шаардлагыг хангасан хэрэглэгчийн шугам, тоног төхөөрөмжийг цахилгаан, дулаан түгээх шугам, тоног төхөөрөмжид холбох;
  • 16.3.2.энэ хуулийн 9.1.13.-т заасан холболтын журмыг боловсруулах, батлуулах, мөрдөх;
  • 16.3.3.эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан цахилгаан, дулааны тоолуурыг холболтын цэгт суурилуулах;
  • 16.3.4.цахилгаан, дулаан түгээх сүлжээгээр дамжуулан зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тэнцүү боломжийг эрчим хүчээр хангагч нарт олгох;
  • 16.3.5.цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, эрчим хүчээр зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэвийн үйл ажиллагаа болон хэрэглэгчийн цахилгаан, дулааны хэрэглээг найдвартай хангах;
  • 16.3.6.түгээх сүлжээг ашиглах, засвар үйлчилгээ хийх, өргөтгөх;
  • 16.3.7.энэ хуулийн 9.1.13-т заасан холболтын журмын шаардлага хангасан хэрэглэгчтэй урьдчилан тохиролцсоны үндсэн дээр энэ хуулийн 17.3-т заасан гэрээг байгуулж, тухайн хэрэглэгчийн шугамаас бусад хэрэглэгчийг холбох;
  • 16.3.8.үйлдвэрлэгч, дамжуулагчтай байгуулсан гэрээний дагуу урьдчилан төлбөр хийсний үндсэн дээр цахилгаан, дулааныг худалдан авах.
  • 16.4.Энэ хуулийн 16.3.3-т заасан тоолуур нь цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмч байж болно.
  • 16.5.Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байх бөгөөд эрчим хүчээр зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байж болно.

 

17 дугаар зүйл. Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл

  • 17.1.Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс цахилгаан, дулаан худалдан авах, цахилгаан импортлох, цахилгаан, дулааныг хэрэглэгчид худалдах эрхийг олгоно.
  • 17.2.Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэг:
  • 17.2.1.тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн хэрэглэгчийг цахилгаан, дулаанаар хангах;
  • 17.2.2.цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хүрэлцээтэй хэмжээний цахилгаан, дулааны чадал авах, дамжуулах тухай тохиролцох;
  • 17.2.3.цахилгаан, дулаан дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх үйлчилгээний төлбөрийг төлөх;
  • 17.2.4.аж ахуйн харилцааны дүрмийг мөрдөх.
  • 17.3.Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэр дээрх зарим хэрэглэгчдийн цахилгаан, дулааны борлуулалтыг иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. Гэрээт борлуулагчид худалдах үнэ, төлөх шимтгэлийг хоорондын гэрээгээр тохиролцох ба хэрэглэгчид Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон үнээр худалдана.